Friday, December 14, 2007

Зүрх хүртэл нэг л зүйлрүү цохилно
Зүүд хүртэл нэг л хүнийг зүүдэлнэ
Сэтгэл хүртэл нэг л уруулыг үгүйлнэ
Сэрүүн байсан ч нэг л хүнийг зэрэглээ болгон үзнэ

Цаг хугацаа заримдаа зогсоно
Цохилох зүрх ч гэсэн заримдаа зогсоно
Дулаан газар байвч сэрүү татан даарна
Дурласан хүний зовлон юм байлгүй дээ...

By Ganzo

Wednesday, December 12, 2007

Playtime 2007

Анх удаа амьд хөгжмийн наадам гэх Playtime-г үзлээ. Яах вэ дажгүй болсон шүү. Гэхдээ өөнтөгч юм болхоороо яаж зүгээр байх уу. Хэд 3 юм бичихээс (hehe).

Тоглолт 16 цагаас (гэхдээ 17 цаг гээд эхэлсөөн) шөнийн 12 цаг өнгөртөл үргэлжиллээ. Тэгээд хамгийн балай нь зогсоогоороо. Уг нь амьд амьд хөгжмийн тоглолт юм чинь мэдээж зогсоогоороо эмоцтой үзсэн нь дээр л дээ. Гэхдээ бүхэл бүтэн 8 цаг зогсоод үзнэ гэдэг арай л чангадаж байна лэ. Ядаж байхад гараад ч суух газар байхгүй, ороод ч суух газар байхгүй шүү. Сандалын бизнес хийсэн бол ч овоо хөлжихөөр байна лэ шүү. Зохион байгуулалт муу байгаагийн шинж л дээ. Угаас "Амьд хөгжмийн наадам" юм чинь тийм удаан болох нь зүй ёсны хэрэг. 40-өөд хамтлаг оролцсон гэх шиг болсон. Тэгээд нэг хамтлаг 1-3 дуу дуулна. Тэгээд л 8 цаг болчиж байгаан. Харин тийм удаан зогсоно гэхээр юу билээ гэж бодох л хэрэгтэй байж дээ. Ядаж гараад юм идчихдэг түргэн хоолны газартай ч юмуу, бүр болий гэхэд суух сандалтай байсан бол ч... Харин манайхан нэг үеэ бодвол амьд хөгжим сонсохыг илүүд үздэг болсон нь харагдаж байна лэ. Бас дээр нь оролцох хамтлагуудыг шалгаж авч байсан болохоор гайгүй чанартай. A sound, Night Train, Ocean's 11 гээд л үнэхээр мэргэжлийн түвшинд, үнэн тасархай байнэ лэ. Бас бус сайн сайн жижиг хамтлагууд байна лэ. Мэдээж дунд нь яаж тутахав бүтэхгүй гарууд ч байсан. Үзэх гэж ирж байгаа хүмүүс нь ч гэсэн янз янз. Зарим нь үнэхээр амьд хөгжмийн сайханыг мэдрэх гэж ирсэн байхад, зарим нь зүгээр л "rock" гэдэг нэрийн дор галзуурах гэж ирсэн байх жишээтэй.
Манайхан тэгэж байгаад их муухай хүмүүс юм. Мэдээж бүгд биш л дээ. Тоглолтонд өвөр монголоос нэг хамтлаг ирж оролцсон. Тэгээд гарч ирээд дуулсан чинь урдаас нь юм шидэлж, гар хуруугаараа доромжлоод л. Тэд нарийг хичнээн их өрөвдөвөө. Нэгэнт тайзан дээр гарцан байхад нь өөдөөс нь тэгэж доромжлоод байхаар ямар олиг байхав дээ. Хөөрхий тэд нарт ямар хэцүү, дарамттай байсан бол оо. Өөрсдийгөө оронд нь тавиж үзмээр юм. Хичнээн "Хятад (өвөр монгол) хүнд дургүй" гэлээ гээд арай ч тэгэж болохгүй байхаа. Бид нарыг Бээжинд, эсвэл Эрээнд явж байхад тал талаас "үхэр монгол" явж байна гээд чичлээд байвал ямар байхав. Өвөр монголд очоод тоглолт хийхээр өөдөөс нь юм шидлээд, доромжлоод байвал бас ямар байх вэ. Яагаад ийм хуншгүй зан гаргана вэ. Заза яагаад гэдэг нь тодорхой биз дээ. Бичихийн ч хэрэг алга.
Хамтлагуудын гарч байгаа дараалал нь жаахан тийм санагдсан. Эхлээд баахан жижиг хамтлагуудаа гаргаж байснаа гэнэт хөтлөгч нь гарч ирсэнээ бараг л манай наадам одоо эхлэж байна гэх нь холгүй юм яридаг байна шд. Наадмаа нээх энэ тэр бүр өнгөрсөөн. Уг нь хуучин, шинэ хамтлагуудаа холиод янз бүр гаргавал илүү сонирхолтой байх юм шиг санагдсан. Бас хөтлөгч гэж хэрэг байхгүй. Хэл ам муутай юмуу яасын ярьж байгаа юм нь огт сонсогдохгүй бөөрөнхийлөлдөөд. Үнэн онцгүй санагдсаан.

Баахан л шүүмжилчихлээ. Гэхдээ сүүлрүүгээ нилээн ядарсныг эс тооцвол тоглолт үнэн янзтай болсоон. Хэрэв үзээгүй хүн байвал Playtime 2008-г нь заавал үзээрэй гэж зөвлөмөөр байна. Мэдээж амьд хөгжим таашаадаг бол шүү дээ. Харин нилээн удаан зогсоно гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэйг анхааруулья :)

Thursday, November 1, 2007

Сонордуулга

Дууны хоббитой юм болохоороо чөлөө зав гарвал л YouTube-ээс элдэв клип, дуу үзээд суучдаг хүн. Намайг сайн мэддэг хүн бол дуу, хөгжимд хичнээн дуртайг минь сайн мэднэ. Тэгээд л гайгүй хамтлаг дуучны дуу олдвол шууд л надаа өгдийн. Тэгээд нэг өдөр манай найз Nicole-н шинэ дуу гарч, сонсдоо гээд нэг хаяг өгвөө. Тэр нь клип энэ тэр дажгүй гаргачдын байна лэ. Тэгээд нөгөөдхөө үзчээд тэр хавиар жаал эргэлдэж байтал аймар хоолойтой хүүхэнтэй таардаг байна ш д. Ёо хоолой нь бол үнэн тасархай. Бас дээрээс нь дажгүй бие хаа, имиджтэй. Клипийг нь тавилаа. Лав таалагдана даа.
Уг нь блиц анкетыг нь олчий гэсэн чинь олигтой юм олддоггүй ээ. Сүртэй ч хайсангүй.

Star Academy 6 - Rihanna & Cynthia
Uploaded by guenael76



Хүүе гэхдээ Rihanna бишшүү. Андуурав тэр цуг дуулаад байгаа энэтхэг цустай хүүхэн нь ш дээ. Rihanna ч угийн гайгүй л дээ. Хамгийн гол нь эд нар Live гэхэд аймар дуулж байгааз дээ. Нөгөө хүүхнийг нь Cynthia гэдийн байна лэ. Нэрд хараахан гарч амжаагүй байгаа байхөө. Америкаас цаашгүй. Энэ уралдаад оролцоод байгаа бололтой юм. Манайд ганц ч болтугай ийм дуучин байдагсан бол... (орчин үед шүү дээ).

Friday, September 7, 2007

Monday, September 3, 2007

Сонордуулга

Та бүхэнд ялангуяа эмэгтэйчүүддээ нэг бүсгүйн блогийг танилцуулах гэсэн юм. Мэдээж загварт сонирхолтой эрчүүдэд нээлттэй. Хааяа нэг энэ блог дээрх бичлэгүүдийг уншихаар эмэгтэй хүн гэдгээрээ бахархах юм хэхэ. Та бүхэн ороод үз таалагдана гэдэгт найдаж байна. Fresh Fashion. Загварын талаар өөрийн бодож явдаг зүйлийн талаар жаахан хуваалцахад зарим хүмүүс сайхан хувцаслаж, сайхан харагдахын тулд заавал сүүлийн үеийн загварын, үнэтэй цэнэтэй хувцас өмсөх хэрэгтэй гэж ойлгодог. Хувцаслахад их учир бий. Үнэтэй байлаа гээд, нэг бол сүүлийн үеийн загвар байлаа гээд заавал таньд зохино гэсэн үг биш. Хамгийн гол нь өөрт зохимжтой хувцасыг л сонгох хэрэгтэй. Харин таны өмссөн зүйл чанарлаг байх тусмаа гялтганасан хэврэг хувцаснаас сайхан харагддаг гэдгийг үргэлж санаарай.

Thursday, August 30, 2007

Би эргэж ирлээээ...
Хөөх блогтоо хамгийн сүүлд 5 сард л бичлэг нэмсэн байна шд.
Нилээн удаан блогтоо салхи оруулаагүй юм байна. Цаг хугацаа ч харавсан сум мэт өнгөрөх юмдаа. Гэтэл сүртэй хийж бүтээсэн юм алга дөө. Энэ урт хугацаанд юу хийвээ гээд бодсон чинь ажил, ажил, наадам, ажил, ажил л юум шиг байна. Арай сонирхолтой нь гэвэл сая ээлжийнхээ амралтыг аваад. Ажилчин ангид шилжсэнээс хойш анх удаа ээлжийн амралт авч байгаа маань энэ. Энэ удаа ч яахав жаахан туршлагагүйтсэн л дээ. Хэд хоног амралтанд очиж амарсныг эс тооцвол ерөнхийдөө хотдоо л байлаа. Харин хаа очиж очсон амралт хоол, унд, агаар сайтай байсан болохоор тэр хэдэн хоногт их сайхан амарч авсан. Ажлын үеэр бол сайхан унтах юмсан гэж бодогдоод байдаг мөртлөө яг цагаа тулахаар унтахгүй өглөө бараг 7 хагас гэж сэрээд өглөөнийхөө цайнд төвөггүй орчоод байхын. Тэгээд сайхан агаарт байж байгаад хотод ирсэн чинь бүр нэг хэрэг алгаа. Агаар бол авах юм байхгүй. Ирсэнээс хойш хэдэн өдөр толгой өвдөв. Тэгээд л амралтын хугацаа дуустал хотдоо нэг л их ажилтай хүн шиг баахан л гадуур явлаа. Сүүлдээ бараг амралтнаас залхаад ажилдаа ормоор санагдаж байна лэ. Ер нь дараагийн удаа бол дэмий хотод байж байхаар сайхан хөдөө нутгаар явж монгол оронтойгоо танилцсан нь дээр юм байна лээ. Монголчуудад зориулсан хөтөлбөртэй аялал байдаг гэж сонссон. Тэрэнд хамрагдаад л сайхан газар нутаг үзсэн шигээ явбал илүү үр дүнтэй амралт болох юм байна. Нэг бол өөрөө орчуулга хийгээд зуулчидтай явсан ч яахав дээ. Сайхан л амраад ирэх байх. Хөдөө нутгаар явах ч сайхан шүү.

Wednesday, May 16, 2007

Deegii Concert 2007

Та бүхэнд хэлсэн ёсоороо "Deegii Concert 2007" тоглолтын талаар жаахан сэтгэгдлээ бичье. Ер нь их дажгүй шүү. 100% амид тоглолт болсон. Бусад тоглолтуудыг бодвол арай гайгүй, эхлэх цагаасаа 20 минутын дараа эхэллээ. Тоглолт Memory Pop оркестртэй хамтарсан эхний хэсэг болон Сарны Чулуу чуулгатай хамтарсан удаах хэсэг гэсэн 2 хэсгээс бүрдэж байсан. Эхний хэсэг нь голдуу сонгодог талдаа бүтээлүүд тоглогдож, хоёрдах хэсэгт ардын аялгуу түлхүү орж ирлээ. Сонгодог хэсэг бол мэдээж гоё, харин хоёрдох хэсгээс хамгийн сэтгэгдэл төрүүлсэн аяз бол хийл, морин хуурын хослол байлаа. Тэр харин их шинэлэг гоё санагдсан шүү. Сарны чулуу чуулгынхан үнэхээр гоё байна лэ. Тэр бүжигчид, хөгжимчид, хувцаслалт энэ тэр гээд л. Соёлын төв ордонд болсон болохоор юун Palace, зориулалтын газар цаанаа л ондоо.
Гэхдээ бас яаж зүгээр байхав. Дахиад л эгдүүцэл хүргэсэн юм боллоо. Тэр юу вэ гэхээр миний ард нэг 2 авгай сууж байлаа (дүргүй хүрээд авгай гэв). Ёоо нөгөө 2 авгай чинь бараг тоглолтын турш юм яричдийм даа. Ялангуяа эхний сонгодог хэсэг дээр нь хүн нээх гоё чих тавиад сонсох гэхээр л ард дүнгэр дүнгэр хийтэл яриад, анхаарал сарниулаад болдоггүй дээ. Бүр дургүй хүрмээр. Яриа нь сонсогдоод үнэн ядаргаатай. Бүр ярих юм мундсан биш угаалгын машины тухай хүртэл яриж тэнэгтдийн. Ёстой тэнэгээ. Тэгээд яриж байснаа нэгнийх нь утас учиргүй дугардаг байгаа. Утасныхаа дууг хаахад яадаг байнаа. Тэгээд сандраад унтраах болов уу гэтэл хэнэгчгүй утсаа аваад ярихын. Тэд нар л лав өөрсдөө үзэхийг хүссэн дээ тэнд ирээгүй байхаа. Хэн нэгэн хүү, охин нь л сайхан юм үзүүлчих санаатай билетийг нь авч өгсөн байх. Түүнээс үнэхээр үзье гэж бодоод өөрсдөө 10 мянгаар билет аваад ирсэн хүн бол яавч тэгэж яриж тэнэгтэхгүй дээ. Бусдад саад болоод байна гэж хэлмээр л санагдаж байлаа. Гэхдээ манайхан их хэцүү хүмүүс. Ялангуяа авгай нар бол өөрөөс дүү бага залуу хүн хүнд юм хэлэх эрхгүй юм шиг л бодоцгоодог хүмүүс. Тэгээд хэлчихвэл аягүй бол жаахан юм байж гэж ирээд л бүр бусад хүмүүст саад болсон хэрэг болох байх гэж бодоод тэр хоёрыг ярих тоолонд нь тэвчиж өнгөрөөв өө хөөрхий.
Гэхдээ тоглолт нь янзтай байсан шүү. Дараа "2008" нь болвол арай илүү урагшаа суудал авч байгаад тухтай үзнээ.

Monday, May 7, 2007


Зарлал хэхэ

За хө цаана чинь Хийлч Дээгийгийн тоглолт болох гэж байна шүү дээ (магадгүй аль хэдийн мэдсэн байж болох хэхэ). Мэргэжлийн хүмүүсийн хувьд ямарыг нь сайн мэдэхгүй юм. Надаа л бол их таалагддаг. Дээр Нюансын тоглолтон дээр тоглож байсан. Урид нь ТВ-ээр гэхээс биш яг тайзнаас нь харж байгаагүй юм даг. Ганцаараа гэхэд үзэгчидээ дажгүй сайхан хөгжөөчихдөг юм байна лэ. Дээрээс нь энэ удаагийн тоглолтон дээр нь Сарны чулуу чуулга, Memory pop orchestra гээд л хамтран тоглох юм байна лэ. Тэгэхээр гоё тоглолт болох байхаа. Би л лав үзнэ гэж бодож байгаа. Жаахан уриалга хэлэхэд хэрэв миний блогийг уншиж буй хүн байвал танд энэ тоглолтыг заавал үзээрэй гэж санал болгож байна. Нэгэн оройн сэтгэлийн цэнгэл эдлэх байх шүү. Аан бас Соёлын Төв Өргөөнд болно шд. Тэгэхээр дээрийн миний муулаад байсан UB Palace-аас хамаагүй гоё байх нь мэдээж. За тэгээд
тоглолтоо үзчихээд сэтгэгдлээ бичнээ. Үзээгүй хэн нэгэнд нь ч мөн сонирхолтой байх байлгүй.

Friday, April 27, 2007

Сэтгэгдэл

Ойрд блогоо огт шинэчилсэнгүй. Бичье гэхлээр бичих ч юм олдохгүй байх юм. Сонин юмаа. Уг нь гэгээлэг юм бичих юмсан гэж бодсон боловч толгой дотор дандаа л гэгээгүй, гутранги бодлоор дүүрсэн мэт. Яагаад ийм хоосон юм шиг оюун ухаантай болчихсоноо ч мэдэх юм алга. Ямар нэгэн сонирхолтой, шинэлэг юм дутагдаад байх шиг байна. Уг нь би өөрөө тэр сонин хачин зүйлийг эрж, хайж , бий болгох ёстой байх л даа. Гэхдээ сүүлийн үед ингэж өөдрөг байхыг хичээхээс ч дургүй хүрээд байхын. Уг нь гайгүй цоглог хүн юмсан. Бүх л юм санаанд хүрэхгүй, уурлах нь олонтаа байдаг болж. Заримдаа яагаад тэгэж юм бүхнийг өөртөө хамааруулж уурлаж байдаг юм болоо яршигтай юм гэж бодогдох юм. Угаасаа л бүх юм төгс төгөлдөр байхгүй нь хэний ч мэдэх мэдээжийн зүйл байхад юунд ингэж өөрийгөө зовооно вэ?

Одоо бодоход арван жил, их сургууль гээд л сайхан байж дээ. Арван жил, их сургуулиа санаж байна.
Нээрээ урьдны бичлэг дээрээ Нюансийн тоглолтын талаар дурдаж байсан даа. Анхны тоглолт нь гэхэд их дажгүй болсон шүү.



Яахав зарим нэг дутагдалтай зүйлүүд харагдаж л байна лэ. Гэхдээ яахав дээ анхных юм хойно цаашдаа гайгүй болох биз. Зарим нэг дутагдалтай гэх зүйл нь юу вэ гэхлээр хамгийн гол нь бүрэн оркестр байхгүй байсан нь харамсалтай. Түүнээс биш тэр 3 залуугийн хоолой бол үнэн тасархай. Харин тэр Palace бол ёстой сөнөцөн гэх нь ч хаашаа юм, ямар ч байсан шаардлага хангахгүй, зөвхөн мөнгөний араас хөөцөлдсөн газар юм шиг санагдсан. Улаанбаатардаа гайгүй том нь тулдаа л хүмүүс тоглолтоо хийдэг байхдаа. Урьд нь тийм тэнэгийг нь тэгэж их мэдэрч байсангүй. Угийн нээх тоглолт энэ тэр үзээд байдаггүй болохоор. Ам барисан худлаа хамтлагуудыг тэнд очиж үзэж байснаас зүгээр л жижиг pub-уудын амьд тоглолт үзсэн нь дээр байдын. Харин Нюанс бол
ондоо л доо. Тийм ч болохоор үзэхийг хүссэн юм. Palace-н хувьд зүгээр л нэг ам барьж дуулдаг хэдэн худлаа дуучидаа зориулагдсан, бүрэн оркестр байрлах газар ч байхгүй, тэгээд хоёр захын суудлаас бол юу ч харагдахгүй, өсгөгч нь чихэнд тулж орилоод л, тэгээд тийм байж билетны үнэ нь ямар ч ангилалгүй адилхан гээд л ер нь шал тэнэг санагдсан. Хэн нэгэн мөнгөтэй хүн байдаг бол нэг сайхан стандарт концертын зал, жинхэнэ сэтгэлээсээ хийсэн шиг хийчихгүй л юм байхдаа. Уг нь Нюанс дуурь бүжгийн театрдаа хийсэн бол илүү чанарлаг болох байсан байх. Харин арай цөөхөн хүн үзэх байх л даа. Гэхдээ л чанарлаг бол хамаа байжуу. Манайх хэзээ нэг сайхан 100% live тоглолт зохион байгуулдаг болох юм болоо. Тэгээд юм л бол гадаад гээд л гадаад хүн авчирч мангартаад л. Тийм мэдрэмжгүй хүмүүс байдын байх даа. Ёстой гайхмаараа.
Тэгсэн BX-н тоглолтон дээр нөгөө монголдоо нэрт гитарчин Өөжгий бас бус хөгжимчид тоглож байсан. Хамгийн онцгүй нь ганц хоёр дуун дээр нь гарчаад л бусад дээр нь гарч ирээгүй. Бодвол хөлс, мөнгө нь дутагдаа биз. Мэдээж тэр хэд бол овоо л үнэтэй байж таараа. Гэхдээ л дөнгөж эхлэж байгаа залуу халаадаа үнэгүй биш юмаа гэхэд хямдхан тоглоод өгчих сэтгэл алга л байж дээ. Ер нь үнэгүй байсан ч яадийн. Сэтгэл шд. Тэгээд гитар энэ тэр бол хаа ч тоглосон дургүйцээд байхааргүй хамгийн дуртай хобби нь баймаар юм. Бас л гайхмаараа.

Thursday, February 15, 2007


Амьдрал аа гэж...

Хүн ер нь яах гэж амьдардаг вэ? Мэдээж би амьдралыг дүгнэх хэмжээнд хүртэл хангалттай амьдарч туршлага хуримтлуулаагүй нэгэн л дээ. Гэхдээ минийхаар бол хүн мэдрэх гэж амьдардаг мэт. Уйтгар гуниг, баяр баясгалан, хайр дурлал, үзэн ядалт гээд л бүгд л хүний сэтгэлийн илрэл. Бүхий л зүйл мэдрэмжтэй холбоотой байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Сайхан хоол идэх, сайхан хувцах өмсөх, сайхан амьдрах гээд л. Яагаад сайхан гэж? Мэдээж сайхан гэж мэдрэгдэж байгаа учраас л сайхан. Хүн бүрийн сайхны мэдрэмж өөр өөр байдаг. Заримдаа сайхан гэсэн зүйл маань хэмжээнээсээ хэтрэхээрээ муухай болж хувирна. Яагаад вэ гэхлээр ямар нэгэн юм хэмжээнээсээ хэтрэхээрээ утгаа алддаг. Хичнээн хөрөнгө мөнгө, орон байр бүхий л зүйл байлаа гээд тэр хүнд сайхан гэсэн мэдрэмжийг төрүүлж чадахгүй, сайхан гэдгийг нь өөрөө мэдэрч чадахгүй л бол тэр хүний хувьд амьдрал аз жаргалгүй мэт санагдах бизээ. Тэгэхээр сайхан амьдрах, аз жаргалтай байх гэдэг маань тухайн хүний сэтгэл санаанаас их шалтгаалах бололтой юм. Ингээд бодохоор хүн өөрийн амьдарч байгаа өнөөдрөөсөө сэтгэл ханамж авч чаддаг байх хэрэгтэй юм болуу. Гэхдээ сэтгэл ханалаа гээд ямар нэгэн хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөгүй байна гэсэн үг биш юм. Өөрийн хүсэж байгаа сайхан амьдрал, сайхан гэх бүхий л зүйлд хүрэхийн төлөөх бяцхан төлөвлөгөөг өөртөө бий болгож түүндээ хүрэхийн төлөө хичээхийн хамтаар өнөөдөр байгаа амьдралаасаа ч гэсэн таашаал авахын тулд өдөр бүрийг сонирхолтой өнгөрөөж чадвал л хүн болж төрсөний утга учир гарах бизээ. Ингээд л хараад байхад ямар нэгэн төлөвлөгөө, хүсэл, зорилго бүхэн угтаа бид бүхний байнга яриж байдаг аж жаргал, сайхан амьдралд чиглэж байдаг билээ. Харин тэр аж жаргалтай сайхан амьдрал гэдгийг нөгөө л нэг мэдрэмж маань л мэдрэх болно.

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайханыг идэж өнгөтний сайханыг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханьлаад хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаал тэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийнхнийгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал палгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуулыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхэлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Ай даа хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдаг юм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа
Зовлон гэдэг сүүдрийг нэвтэрхий толын хуудаснаас
Холын удам минь нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөөн ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардым
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундранам бэ
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юмуу
Үгүй ээ
Барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тариж
Үр жимс мэт энэ зовлонгоо ургуулж
Үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун олны өмнө нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлонг эдлэнэ
Унд хоол байсаар байтал
Тамхины утаа залгилж бохь жажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвий нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийг нь тоосонгүй гэж
Элдвээр харааж цүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтэний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон баричихаад
Хэрэг тариж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус хэмээн
Хэв хэнэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрүүндээ үе удмаараа
Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхэлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрснөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юмуу

Илэрхийлэх гээд байгаа санаагаа илэрхийлж чадаагүй мэт. Хамгийн гол нь юу ч болж бай ердөө л амьдралын сайханыг мэдрэхийг хичээцгээе...

Wednesday, January 31, 2007

Зүгээр л

Ёоооо энэ хөгжим сонсох хобби гэж нээрээ. Өнөөдөр ашгүй нэг Queen хамтлагийн хэдэн дууг олж сонслоо.
Үнэн янзтай юмаа. Тэр төгөлдөр хуур, ая, аялгуу, бас Freddie-гийн тасархай хоолой гээд л... Ер нь л нэг тэгэж байгаад төгөлдөр хуур дарж сурах хэрэгтэй юм байна. Гэхдээ бас хэцүү гэрт байхгүй болохоор. Тэгээд бас завгүй, дээрээс нь ингээд зовлон тоочоод байвал ч бүр худлаа болно гэж байгаа. Одоо яахав дээ санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэгчээр санаад л явж байхаас. Ер нь хөгжимийн зэмсэг болгоныг сонсохоор гоё санагдах юмаа. Хааяа бөмбөр сонсохоор бас л дарж сурмаар санагдана. Гэхдээ яаж ч бодсон хамгийн тасархай нь төгөлдөр хуур л даа. Юуны тулд хаан хөгжим гэдэг билээ дээ тиймүү.
Нээрээ миний нэг гайхаж явдаг юм байдын. Юу вэ гэхлээр: Монголын ардын хөгжимийн зэмсэг дотроос хаан хөгжим гэвэл мэдээж морин хуур байж таарах байх. Гэтэл би л лав энэ амьдралдаа морин хуур дарж байгаа эмэгтэй хүн харж байгаагүй юм байнадаг. Магадгүй эртнээс эрэгтэй хүнийг хүндэтгэх ёсон бий болсонтой холбоотой, эмэгтэй хүнд хүнддэнэ гэж үздэг байж болох юм. Яг учрыг нь сайн мэдэхгүй юмаа. Бас янз бүрийн домог ч байдаг байж болох юм.
Хэн нэгэн нь энэ талаар мэдэх бол блогтоо бичвэл их сонирхолтой мэдээлэл болох байх гэж бодож байна. Эсвэл бүр ямар нэгэн хориглох зүйл юу ч байхгүй, зүгээр л тоглож сурсан эмэгтэй хүн хуруу дарам цөөхөн байдаг юм болуу.
Ямартай ч нэг учир бий байх. Арай хүн бүхний мэддэг зүйлийг би л ганцаараа мэддэггүй юм биш биз. Тэгвэл ч ёстой ичгэвтэр зүйл болох байхдаа.
Миний бодлоор бол эмэгтэй хүн дарж болохгүй гэдэг байж магадгүй. Учир юунд вэ гэхлээр мэдээж нөгөө эр хүний хийморь сүлд, ёс жудаг, зан заншилтай холбоотой байх. За юутай ч та бүхэн энэ талаар мэдэх зүйл байвал comment хэлбэрээр үлдээнэ байх гэж найдаж байна. Нэг бол блог дээрээ бичээд блог хаягаа заах ч юмуу, эсвэл энэ талаар бичсэн сайт байвал хэлж өгөөрэй.
Ингээд л бичье гэж бодож байсан зүйлээсээ шал өөр тийш хазайчихлаа. Уг нь Японы Утада Хикаругийн тухай жаахан сонирхуулья гэж бодож байсан юм. Дараагийн бичлэг дээрээ л бичье дээ.

Saturday, January 13, 2007

Миний хамгийн том хобби

Түрүүний бичлэгүүдийг хараад байсан баахан л шүүмжлэл байх юм дөө. Миний нэг сул тал л даа өөрийгөө мэдэхгүй аймар шүүмжлэх дуртай гэж байгаа. Харин энэ удаагийн бичлэг дээр өөрийнхөө дуртай зүйлсийн талаар жаахан бичдиймүү.

За надад ч бараг дургүй юм гэж байхгүй байхаа. Урлаг спорт, хоол унд, амттан гээд л. Тал тал тийшээ үсчсэн хүн байгаан юм. Уг нь гайгүй авьяастай байх гэж өөрийгөө боддын даанч багаасаа зөвхөн хичээлээ хийгээд л, англи хэлний курсыг эс тооцвол өөр ямар нэгэн гүнзгийрүүлсэн сургалт энэ тэрд явж байсангүй. Аан нээрээ цэцэрлэгийн ахлах ангид байхад манай ангиас газрын теннисэнд хүүхэд шалгаруулж авахад тэнцээд нэг жил хиртэй явж байгаад гарсан юм байна. Яагаад гарсан гэхээр тэр үед намайг хүргэж өгч, авах хүн байхгүй байсан юм гэнэ билээ. Хичээлүүд дундаас тоо, химид их дуртай байж билээ (одоо бол мартаа биз хэхэ). Тэгсэн мөртлөө геометр, физик хоёрт аймар дургүй бас монгол хэлний хичээл дээр зохион бичлэг бич гэхлээр л бүр дургүй хүрдэг байж билээ.

Энэ хоббинууд дундаас хамгийн хүчтэй нь дуу, хөгжим. Өөрийгөө "Намайг дуугүйгээр төсөөлөшгүй" гэж хэлэх их дуртай. Дуу, хөгжимгүй амьдрал гэхээр л яагаад ч байж боломгүй мэт.

Дуу чамаас урвахгүй, чиний хүссэн цагт дэргэд чинь байж чадна,
Гагцхүү чи л мэдэрч чадах юм бол...

Хүмүүс ийм тийм урсгал сонсдог, тийм урсгал бол сонсдоггүй гэж их яридаг. Надад бол ямар хөгжим сонсох нь тухайн хүний сэтгэл санаанаас хамаардаг мэт санагддаг. Миний хувьд бол хэрвээ би уйтгарлаж байвал уянгын, бүжиглэх гэж байвал мэдээж хөнгөн хэлбэрийн R&B, Hip Hop, Trance гэх зэрэг бүжиглэхэд тохиромжтой хөгжим гээд л төрөл бүрийн урсгалыг сонсдог. Бас заавал тэр хамтлаг гээд туйлшраад байх зүйл байхгүй. Ер нь нэг юмыг шүтэн бишрэнэ, туйлшрана гэдэг бол утгагүй хэрэг. Гэхдээ миний бодлоор ш дээ. Сайхан юм хэмжээнээсээ хэтрэхээрээ сайхан гэсэн утгаа алддаг гэдэгтэй адил. Харин мэдээж урсгал бүр онцлогтой. Жишээлбэл, симфони мэдээж энд ярихын ч шаардлага байхгүй биз, R&B гэвэл хэмнэлтэй, Alternative Rock гэвэл хөгжимлөг гэх зэрэг. Alternative , Rock хөгжимнөөс басс, ритм, соло гээд л гитарын аялгуу, бөмбөрийн нүргээнийг мэдэрч чадна. Бас дууг сонсохдоо аль болох шүлгийнх нт утгыг ойлгох нь таатай сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ бүжиглэхэд тохиромжтой энэ тэр гээд л хөнгөн талын дуун дээр бол утга ёстой хамаагүй. Дууны шүлгийн гайхамшигт утга болон аяны таатай цогцыг сонсох нь ямар гайхамшигтай гэж санана. Үгээр хэлж, үзгээр бичишгүй гэж тэрийг л хэлэх байх.

За мэдээж дуу сонсох дуртай болохоор хөгжим дарах дуртай гэж байгаа (чадахгүй байж). Багадаа Мандалин (ингэж л бичдэг байх сайн мэдэхгүй юм), Балалайка, Баяан гэх зэрэг хөгжим дардаг байлаа. Одоо бол Мандалинаас бусдыг нь чадахгүйэ мартсан. Цэцэрлэгт байхад л юмдаг нэг өдөр манай ээж миний Мандалин дээр юм тавьсан байсныг мэдэлгүй дээр суугаад хугалчихаж билээ. Тэгээд Мандалин авах гээд хөгжмийн дэлгүүр орсон чинь байдаггүй, харин Хийл байсан юмдаг. Тэгээд намайг авахуу гэхээр нь үгүй гээд аваагүй. Сүүлд л ээж бид 2 тэр үед авчихгүй гээд л яридын. Ер нь бол төгөлдөр хуур дарж сурах юмсан гэж их боддог. Яахав дугуйлан энэ тэрд явж болох байх л даа. Гэхдээ гэртээ төгөлдөр хуур байхгүй бол дэмий юм шиг санагддын. Тэгэж байгаад өөрийн гэсэн төгөлдөр хууртай болвол харин шууд л заалгана. Хэдий нас нь өнгөрсөн ч гэсэн болохгүй гэх зүйлгүй гэж бодож байгаа. Харин эхний ээлжинд гитар жаахан оролдож байгаа. Ажил ихтэй болохоор байнга гитараа бариад суугаад байж чадахгүй байгаач цаг зав гарангуут л бариж аваад нөгөө сурсан хэдхэн аяа дараад л суучихна даа хө. Тэгээд яриад байвал зөндөө л дуртай юм байна дөө. Харин энэ удаадаа үүгээр өндөрлье. Хамгийн голыг нь биччихсэн учраас :)

Monday, January 8, 2007


Live concert


Өчигдөр ганц амардаг өдрөө бараг өдөржин гэртээ ТВ үзэж өнгөрөөвөө хө. Тэгсэн С1 дээр нилээн дээр үеийн бололтой концерт гарч байх юм. Үзээд байсан чинь ёооо үнэн янзтай. Жинхэнэ амьд тоглолт гэж тэрийг л хэлнэ. Жаахан орчин үеийн эстрад дуун дээр нь бол бөмбөр, соло, басс гитар гээд л бүгд, арын хоолойг нь хүртэл гаргаад л, сонгодог дуу бол тайзныхаа наана оркестр нь байх жишээтэй тухайн дуун дээр гарч буй бүхий л элемент нь тэр тайзан дээр яг л амьдаараа. Одоогийн рок поп гээд яваад байгаа хүмүүст "та хэд өөрсдийнхөө хийж байгаа тоглолтыг энэнтэй нэг харицуулаад үз дээ, ичмээр юм, амьд тоглолт гэж энийг хэлдийн" гэж хэлмээр л санагдлаа. "Хөгжиж байна, Хөгжиж байна" гээд л байдаг гэтэл зарим талаараа бараг урьд байснаасаа дордсон мэт. Харин эсрэгээрээ хүний толгойг амархан эргүүлж мөнгө олох аргыг л суржээ. Дээрхэн Балхжавын коцерт болсон чинь ёстой нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна лэ дэг. Юун амьд. Тийм дэмий юмыг нээх их үнэтэй үзэж байхаар харин гадуур Их Монгол, Info radio club, Irish энэ тэрд очоод ёстой амьд хөгжим сонсож таашаал авсан нь дээр. Харин нилээн дээр 2, 3 жилийн өмнө байхаа дуучин Сараагийн "Best Balllads" концерт их гоё болж байсан. Яг гоё амьд хөгжимтэй, өөрөө ч амьдаар дуулж байсан. Харин тийм тоглолтыг бол үнэ мөнгө төлөөд үзэхэд харамсах зүйл алгаа.

Нээрээ удахгүй "Нюанс"-н тоглолт болох сураг гарч байсан. Тэрийг л нэг алдахгүй үзэх юмсан. Чадалтай хоолойтой залуус шиг санагддын.

Tuesday, January 2, 2007

Баяр аа гэж...

За ойрд блог бичсэнгүй их удлаа. Өнөөдөр өөрийнхөө блогт ажлынхныхаа хаягийг нэмж зарим нэгэн зүйлийг жаахан өөрчилж арай боловсронгуй гэхүүдээ, болголоо. Тэгээд захиралын зөвлөсний дагуу Technorati хаягт бүртгүүлсэн чинь бас хөөрхөн, байранд орчихож байх юм хэхэ. Тэгээд үнэлүүлдэг гэхээр нь үнэлүүлж үзсэн чинь бас (зүүн доор хэсэгт харуулав) үнэ хүрж байна гээч. Уг нь барагийн юм бичээгүй юмсан жаахан гайхах шиг. Ямар шалгуураар үнэлдэгийг нь мэдэхгүй ч яахав бас урам хайрлаж л байна хө. За тэр ч яахав.


Саяхан нээрээ шинэ жилийн баяр маань болж өнгөрсөн юм байна. Саяхан ч гэж дээ өчигдөр хэхэ. Тэгээд хараад байсан чинь энэ шинэ жил гэдэг баяр маань удахгүй Цагаан сар шиг нүсэр баяр болж мэдэх нь гэж санагдлаа. Юу вэ гэхлээр яг шинэ он гарсны маргааш нь гадуур явж байгаад ажиглахнээ хүмүүс гэр бүлээрээ яг л цагаан сар шиг бөөн бөөндөө яваад л, айл хэсээд л... Тэгээд мэдээж айлд ороход ядаж хүүхдэд нь бэлэг өгнө, мөн олон хүн ордог айл нь уритаад бууз бэлдэх жишээтэй. Мэдээж шинэ жилийн баярыг бялуугүй төсөөлөшгүй, бас салат хийж бэлдэнэ. Гэтэл сүүлийн үед Цагаан сараар мөн бялуу тавьж, салат бэлддэг бичигдээгүй заншил бий болоод байгаа. Тэгэхээр энэ 2 баяр маань нэг нь ууцтай, нөгөө нь ууцгүй болохоос л биш ер нь бараг адилхан болоод байгаа мэт. Одоохондоо шинэ жилийг ингэж нүсэр хийдэг айл харицангуй бага байгаа байх л даа. Харин цаашдаа яах бол? Тийм 2 том баяртай болчихвол мөн хэцүүеэ. Тэгээд тэр хоёр гээд зогсохгүй хажуугаар нь эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн (цэргийн), эх үрсийн, бүр жижигрээд тэрний энэний төрсөн өдөр гээд л ер нь баяр мундахгүй шүү. Баяргүй байна гэхээр хаашаа ч юм, гэхдээ бас ингэж юмыг хөөргөөд байхаар бас арай биш ч юм шиг ээ.